Аяллаа тайван, аюулгүй өнгөрүүлэхийн тулд дараах зүйлсийг урьдчилан шалгаарай. Нислэг, тээвэрлэгч болон очих улсын шаардлага өөр байдаг тул сонгосон аяллын хөтөлбөр дэх тусгай зөвлөмжийг заавал давхар уншина уу.
Гадаад паспортын хүчинтэй хугацаа, бүрэн бүтэн байдлыг шалгаарай. Виз, цахим хил нэвтрэх хуудас болон бусад шаардлагатай бичиг баримтыг зорчих чиглэлийнхээ зааврын дагуу урьдчилан бүрдүүлнэ үү. Хүүхэдтэй зорчих бол төрсний гэрчилгээ, итгэмжлэл зэрэг нэмэлт материал шаардлагатай эсэхийг нягтлаарай.
Нислэгтэй аялалд нисэх буудалд нислэгээс 3 цагийн өмнө ирэхийг зөвлөе. Галт тэрэг болон бусад тээврээр зорчих бол хөтөлбөрт заасан вокзал, цуглах газар, цагийг нягталж, тасалбар болон суудлын мэдээллээ урьдчилан шалгаарай.
Ачааны жин, гар тээшний хэмжээ, power bank болон шингэн зүйлсийн журам нислэг, тээвэрлэгчээс хамаарч өөрчлөгдөж болно. Тухайн аяллын зааврыг шалгаж, хориглосон эд зүйл авч явахгүй байхыг анхаарна уу. Цүнх, чемоданаа өөрөө бэлдэж, халаас бүрийг шалгаарай, танихгүй хүний ачааг авч явахгүй байхыг зөвлөе.
Аяллын үеийн цаг агаар, улирал болон хөтөлбөрийн үйл ажиллагаанд тохируулан хувцас, алхахад эвтэйхэн гутал бэлдээрэй. Нарны тос, нарны шил, борооны хамгаалалт болон дотор орчны сэрүүнд өмсөх нимгэн гадуур хувцас хэрэг болж болно.
Тогтмол хэрэглэдэг эм болон өөрт шаардлагатай эм бэлдмэлээ авч яваарай. Харшил, архаг өвчин, хөдөлгөөний хязгаарлалт, хоолны тусгай хэрэгцээ байвал аяллын багтаа урьдчилан мэдэгдэнэ үү. Усан болон идэвхтэй үзвэрт оролцохдоо өөрийн чадвар, хөтөчийн заавар, аюулгүй байдлыг нэн түрүүнд анхаарна уу.
Очих улсын валют, картын хэрэглээ, бэлэн мөнгө авах боломж болон банкны шимтгэлийг урьдчилан судлаарай. Нэмэлт төлбөртэй үзвэр, хоол, tip болон хувийн худалдан авалтын зардлыг аяллын хөтөлбөртэй тулган тооцоолно уу.
Гадаадад ашиглах дата болон холбооны хэрэгслээ урьдчилан бэлдээрэй. Аяллын багийн групп чат, хөтөчийн мэдээллийг тогтмол шалгаж, зочид буудлын нэр, хаяг, хөтөчийн холбоо барих мэдээллийг хадгалж явах нь тустай.
Хөтөчийн заасан цагт бэлэн байж, группээс дур мэдэн салахгүй байх. Чөлөөт цагаар тусдаа явах бол хөтөчдөө заавал мэдэгдэж, уулзах газар болон цагийг тохироорой. Асуудал гарсан тохиолдолд аль болох хурдан аяллын хөтөчдөө мэдээлнэ үү.
Очих газрын хууль, гааль, шашин шүтлэг, ёс заншлыг хүндэтгээрэй. Зураг авахыг хориглосон газар зураг авахгүй, тамхи татахыг хориглосон газар тамхи татахгүй, хууль бус болон хилээр нэвтрүүлэхийг хориглосон зүйл худалдан авах, авч явахаас зайлсхийх хэрэгтэй.
Зарим улс хилээр нэвтрэхийн өмнө онлайн мэдүүлэг, зорчигчийн мэдээлэл эсвэл эрүүл мэндийн маягт бөглөхийг шаарддаг. Тухайн чиглэлд ийм шаардлага байгаа эсэх, хэзээ бөглөхийг аяллын хөтөлбөр болон албан ёсны төрийн цахим хуудаснаас шалгаарай. Мэдүүлгээ зөвхөн тухайн улсын албан ёсны сайтаар бөглөж, илгээсний дараах баталгаажуулалт, QR код эсвэл баримтыг утсандаа хадгалж яваарай. Хуурамч сайт, төлбөр нэхсэн зуучлагч холбоосоос болгоомжилно уу.
Санамж: Маршрут, цаг агаар, замын нөхцөл болон хил нэвтрэх шаардлагаас шалтгаалан аяллын дараалал, мэдээлэл өөрчлөгдөж болно. Аяллынхаа хөтөлбөр болон аяллын багаас өгсөн хамгийн сүүлийн зааврыг дагана уу.
АНУ, Япон, Австралид зорчих визний материал бэлтгэхэд зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ. Өөрийн зорчих чиглэл, төлөвлөсөн хугацаагаа хэлж анхан шатны зөвлөгөө аваарай.
АНУ-ын виз мэдүүлэхэд шаардагдах мэдээлэл, материалын бүрдүүлэлтийн талаар зөвлөгөө авна.
Япон улсын визний хүсэлтэд шаардлагатай материал, бүрдүүлэлтийн дарааллыг зөвлөнө.
Австралийн визний хүсэлтэд зориулсан материалын бэлтгэл, мэдүүлгийн талаар чиглэл өгнө.
Анхаарах нь: Виз олгох эсэх шийдвэрийг тухайн улсын эрх бүхий байгууллага гаргана. Визний зөвлөгөө нь виз олгох баталгаа болохгүй бөгөөд шаардлага, материал нь өргөдөл гаргагч болон нөхцөлөөс шалтгаалан өөр байж болно.
Япон, Тайланд болон Туркийн аль чиглэлд аялах, хэдэн хүнтэй, хэдий хугацаанд зорчихоо бидэнд мэдэгдээрэй. Таны хүсэлтэд тулгуурлан маршрутын боломж, үйлчилгээний сонголтыг тодруулж, санал боловсруулна.
Токио болон Японы бусад сонирхсон хот, үзвэрүүдийг аяллын хугацаа, багийн бүрэлдэхүүнд тань тохируулан маршрутдаа тусгах боломжийг судалж, захиалгат хөтөлбөрийн санал боловсруулна.
Бангкок, Паттаяа болон Тайландын бусад сонирхсон чиглэлээр аяллын хугацаа, аялагчдын тоо, хүссэн үзвэр үйлчилгээнд нийцсэн маршрутын санал боловсруулна.
Истанбул болон Туркийн бусад сонирхсон хот, үзвэрүүдээр аялах хугацаа, байрлах зочид буудал, хүссэн үзвэр үйлчилгээнд тань тулгуурлан захиалгат аяллын маршрут, хөтөлбөрийн санал боловсруулна.
Анхаарах нь: Аяллын хөтөлбөр, үйлчилгээний боломж, үнэ болон нөхцөл нь зорчих хугацаа, аялагчдын тоо, таны хүсэлтээс хамаарч тусад нь тодорхойлогдоно.
Токио болон Хайнан чиглэлд аялахдаа өөрийн сонирхол, хэрэгцээнд нийцүүлэн нэмэлт үзвэр, үйлчилгээ сонгох боломжтой.
Хүссэн өдөр, үйлчилгээ болон хүний тоогоо урьдчилан хэлж боломж, нөхцөлийг лавлаарай.
Үзвэрийн хуваарь, тасалбар болон зорчих нөхцөлийг захиалах үед баталгаажуулна.
Гадаадад аялахдаа интернэтээ ашиглахын тулд утасныхаа боломж, очих улс болон аяллын хугацаанд тохирсон дата багцаа сонгоорой. Бид SIMFly болон TravelSIM-тэй хамтран ажилладаг.
Дата SIM нь гар утас, таблет зэрэг төхөөрөмжөөр мобайл сүлжээ ашиглан интернэтэд холбогдох зориулалттай олон улсын SIM юм.
Гадаад улсад аялахдаа дата SIM ашигласнаар Wi-Fi сүлжээ хайх шаардлагагүй, газрын зураг үзэх, мэдээлэл хайх, сошиал медиа ашиглах, Messenger, WhatsApp, Viber зэрэг бүх аппликейшнаар холбогдох боломжтой. Мөн ямар нэгэн VPN ашиглахгүй, сүлжээний хаалтгүй интернэт ашиглах боломжтой.
Дата багцууд нь ашиглах улс, хүчинтэй хугацаа, дата хэмжээ болон сүлжээний нөхцөлөөрөө ялгаатай.
Анхаарах зүйл: Дата SIM нь ихэвчлэн интернэт ашиглах зориулалттай тул энгийн утасны дугаар, дуудлага болон SMS үйлчилгээ байдаггүй.
Тохирох төхөөрөмжид цахимаар суулгадаг дижитал SIM. Биет карт солих шаардлагагүй. Утас eSIM дэмждэг, операторын түгжээгүй эсэхийг шалгана.
Төхөөрөмжийн SIM оролтод хийж ашигладаг биет карт. eSIM дэмждэггүй зарим төхөөрөмжид тохиромжтой сонголт болно. Мөн операторын түгжээгүй эсэхийг шалгана.
1. Нийцэл шалгах. Утасны загвар, eSIM дэмжлэг, операторын түгжээ болон зорчих улсын сүлжээг шалгана.
2. Багц сонгоод суулгах. Найдвартай Wi-Fi холболттой үед үйлчилгээ үзүүлэгчийн QR код эсвэл аппын заавраар суулгана. QR код, суулгах заавраа хадгалаарай.
3. Зорьсон улсад датагаа идэвхжүүлэх. Үйлчилгээ үзүүлэгчийн зааврын дагуу дата шугам, шаардлагатай бол data roaming тохиргоог сонгоно. Хүчинтэй хугацаа эхлэх мөч багцаас хамаардаг тул суулгахаасаа өмнө нягтлаарай.
Доорх зааврын зураг дээр дарж бүтэн хэмжээгээр томруулан үзээрэй.
Очих улс эсвэл бүсээ сонгон дата багцаа харна. Нийт дата, өдөр тутмын дата, хязгааргүй сонголтууд бий. Хамрах улс, хоног, сүлжээ болон нэмэлтээр цэнэглэх боломж багц бүрээр ялгаатай тул сонгосон багцын тайлбарыг шалгаарай.
Улс болон бүсийн eSIM, биет SIM-ийн сонголттой. Утас eSIM дэмждэг эсэхийг шалгах, суулгах болон хэрэглээгээ хянах зааврыг TravelSIM сайтаас үзэж болно.
Багц сонгохын өмнө: хамрах улс, нийт эсвэл өдөр тутмын дата, хүчинтэй хоног, eSIM нийцэл, идэвхжих нөхцөл болон тухайн багцын сүлжээний мэдээллийг нягтлаарай. Дата болон үнэ үйлчилгээ үзүүлэгчийн сайтад өөрчлөгдөж болох тул захиалгын үеийн мэдээллийг баримтална уу.
iPhone болон Android-ийн Settings (Тохиргоо) хэсэгт eSIM нэмэх боломж байгаа эсэхийг харж, утасныхаа яг загварыг үйлдвэрлэгчийн албан заавраар баталгаажуулаарай. Зарим загвар, бүсийн хувилбар болон операторын түгжээ eSIM ашиглах боломжид нөлөөлнө.
Аялалд гарахынхаа өмнө болон аялах явцдаа авах нь таны сонголт бөгөөд аль ч тохиолдолд худалдан авах боломжтой. Гэхдээ та аялалд гарахын өмнө худалдаж аваад утсандаа суулгаснаар зорьсон газартаа хүрмэгцээ eSIM ээрээ интернэт орох боломжтой болно.
Таны худалдаж авсан eSIM-ний багцад хамаарах улсын сүлжээнд холбогдсон мөчөөс эхлэн таны багцын хугацаа идэвхэжнэ.
Ихэнх eSIM-ийг татаж суулгахад интернэт холболт хэрэгтэй. Иймээс найдвартай Wi-Fi орчинд үйлчилгээ үзүүлэгчийн зааврыг дагаж суулгана.
Мэдээж та худалдаж авсан eSIM-ээр интернэтээ хуваалцах боломжтой
Зарим хоёр SIM дэмждэг утсанд боломжтой. Гэхдээ үндсэн дугаар дээр роумингийн нэмэлт төлбөр үүсэж болзошгүй тул дата ашиглах үндсэн шугамаа зөв сонгоно уу.
Эхлээд Data Roaming асаалттай эсэхийг шалгана уу — энэ бол хамгийн түгээмэл шалтгаан. Дараа нь мобайл датаны шугам eSIM дээр тохируулагдсан эсэх, утас нислэгийн горимд байгаа эсэхийг шалгаад, утсаа унтрааж асаана уу. Ихэнх тохиолдолд эдгээрийн аль нэг нь асуудлыг шийддэг.
Асуудал хэвээр байвал үйлчилгээ үзүүлэгчийн тусламжийн сувгаар хандана.
Багц болон үйлчилгээ үзүүлэгчийн нөхцөлөөс хамаарна. Ихэвчлэн нэг QR код зөвхөн нэг удаа, нэг төхөөрөмж дээр суудаг. Тиймээс утсаа дахин тохируулах (factory reset) эсвэл eSIM-ээ устгахаас өмнө үйлчилгээ үзүүлэгчтэй холбогдоно уу.
Аяллаа төлөвлөхдөө даатгалаа ч бас бэлдээрэй. Гадаадад гэнэт өвдөх, осолд орох, ачаа тээш алдагдах эсвэл нислэг саатах зэрэг урьдчилан таамаглах боломжгүй зүйлс тохиолдож болно. Аяллын даатгал нь сонгосон гэрээний нөхцөл, лимитийн хүрээнд эдгээрээс үүсэх зарим зардлыг нөхөн төлөх, тусламж авах боломж олгодог. Энэ нь бүх зардлыг нөхөн төлнө гэсэн баталгаа биш юм.
Яагаад хэрэгтэй вэ? Гадаад дахь яаралтай эмчилгээ, тээвэрлэлт өндөр зардалтай байж болзошгүй. Мөн нислэг, бүртгүүлсэн ачаа болон бичиг баримттай холбоотой зарим эрсдэлд сонгосон багцаас хамаарч хамгаалалт үйлчилж болно.
Даатгалын багц, зорчих улс болон гэрээний нөхцөлөөс хамааран дараах хамгаалалтууд багтаж болно.
Гэнэтийн өвчлөл, ослын үед шаардлагатай эмнэлгийн зардал
Эмнэлэгт хүргэх, шаардлагатай бол эх оронд буцаах
Сааталтай холбоотой зарим нэмэлт зардлын нөхцөлт хамгаалалт
Ачаа саатах, алдагдах болон бичиг баримтын зарим зардал
Аяллын даатгал нь бүх улс, бүх аялалд ижил байдлаар заавал шаардлагатай биш. Зарим улсын виз, хил нэвтрэх нөхцөлд даатгалын тодорхой хамгаалалт шаарддаг. Тухайлбал Шенгений богино хугацааны визийн ердийн шаардлагад хамгийн багадаа 30,000 еврогийн аяллын эрүүл мэндийн даатгал багтдаг; тухайн визийн ангилал, улсын мөрдөж буй шаардлагыг албан эх сурвалжаас нягтална.
Заавал шаардахгүй чиглэлд ч аяллын хугацаа, зорчих бүс, эрүүл мэнд болон төлөвлөсөн үйл ажиллагаанд тохирсон даатгал сонгохыг зөвлөж байна.
Анхаарах: Бүх багцад дээрх хамгаалалт бүгд орохгүй. Нийт үнэлгээ болон эрсдэл тус бүрийн дэд лимит өөр байж болно. Тухайлбал нислэгийн саатлын хамгаалалтад чартер нислэг хасагдах нөхцөл байх боломжтой.
Даатгал авахаас өмнө шалгах зүйлс
Даатгалын тохиолдол гарвал
Түгээмэл асуулт: Даатгалтай бол бүх зардлыг төлөх үү? — Үгүй. Гэрээний нөхцөл, хасалт, өөрийн оролцоо, нийт болон дэд лимитээр шийдвэрлэнэ. Эмнэлгийн төлбөрөө заавал урьдчилж төлөх үү? — Даатгагч, тусламжийн байгууллага болон гэрээний нөхцөлөөс хамаарна; шууд зохицуулах боломжтой эсэхийг мэдэгдэж лавлана.
Бид Мөнх даатгал болон Хаан даатгал-тай хамтран ажилладаг. Хамрах эрсдэл, хураамж, даатгалын үнэлгээ, өөрийн оролцоо, хасалт нь сонгосон бүтээгдэхүүн болон гэрээ бүрээр ялгаатай. Доорх мэдээлэл нь танилцуулга бөгөөд хүчинтэй гэрээ, даатгалын гэрчилгээний нөхцөлийг баримтална.
Гадаадад зорчигчийн даатгал
Гадаад аяллын үеийн гэнэтийн осол, өвчлөл болон сонгосон гэрээнд заасан бусад эрсдэлийг хамгаалах даатгалын бүтээгдэхүүн.
☎ Утас: +976 7599-1100
✉ Имэйл: info@munkhdaatgal.mn
Гадаадад аялагчийн даатгал
Аяллын үеийн гэнэтийн осол, хурц өвчлөл болон гэрээнд тусгасан бусад эрсдэлийн хамгаалалт бүхий даатгалын бүтээгдэхүүн.
☎ Утас: +976 7000-0808
✉ Имэйл: info@khaandaatgal.mn
Анхаарах: Даатгалын хамгаалалт, лимит, өөрийн оролцоо болон хасалт нь сонгосон бүтээгдэхүүн, зорчих бүс, гэрээний нөхцөлөөс хамаарна. Даатгалын гэрчилгээ болон хүчинтэй нөхцөлийг заавал шалгана уу.
Захиалга, төлбөр, аяллын бэлтгэл, виз болон даатгалтай холбоотой түгээмэл асуултын хариултыг эндээс үзээрэй. Үнэ, хугацаа, виз болон үйлчилгээний эцсийн нөхцөлийг тухайн аяллын гэрээ, албан мэдээллээр баталгаажуулна уу.
Сонирхож буй аяллын чиглэл, огноо, аялагчдын тоогоо бидэнд мэдэгдээрэй. Аяллын менежер тухайн хуваарийн сул суудал, үнэ, багтсан болон багтаагүй үйлчилгээ, захиалгын нөхцөлийг танилцуулна. Захиалга баталгаажих нөхцөл, төлбөрийн хугацааг гэрээ эсвэл албан баталгаажуулалтаар нягтлаарай.
Урьдчилгаа болон үлдэгдэл төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа, данс болон төлбөрийн аргыг тухайн аяллын гэрээ, нэхэмжлэх эсвэл албан баталгаажуулалтад заана. Төлбөр шилжүүлэхээсээ өмнө хүлээн авагчийн мэдээллийг BE TRAVEL-ийн албан сувгаар нягталж, төлбөрийн баримтаа хадгалаарай.
Цуцлах, огноо солих болон буцаан олголтын боломж нь аяллын гэрээ, нислэгийн тийзний нөхцөл, зочид буудал болон бусад үйлчилгээ үзүүлэгчийн журмаас хамаарна. Нэмэлт төлбөр эсвэл суутгал үүсэж болох тул өөрчлөх шаардлага гармагц бидэнд мэдэгдэж, тухайн захиалгын нөхцөлийг шалгуулаарай.
Боломжтой чиглэл, огноо болон зочид буудлын сонголтоос хамаарч хамт олны болон захиалгат аяллын санал боловсруулж болно. Аялагчдын тоо, хүссэн хугацаа, маршрут, төсвөө мэдэгдээрэй. Бүлгийн үнэ, боломжит хөнгөлөлт нь тухайн санал баталгаажсанаар тодорхой болно.
BE TRAVEL нь боломжтой чиглэлүүдэд визний материал бүрдүүлэлт, цахим бүртгэлийн талаар зөвлөгөө өгнө. Шаардлага нь иргэншил, зорчих улс, визний ангилал, аяллын огнооноос хамааран өөрчлөгдөж болно. Виз олгох, хилээр нэвтрүүлэх эцсийн шийдвэрийг тухайн улсын эрх бүхий байгууллага гаргадаг.
Гадаад аялалд хүчинтэй гадаад паспорт, шаардлагатай виз эсвэл нэвтрэх зөвшөөрөл, нислэг, байр, аяллын баталгаажуулалт болон шаардлагатай бол даатгалын гэрчилгээг бэлдэнэ. Паспортын хүчинтэй хугацаа, хүүхэдтэй зорчих зөвшөөрөл зэрэг нэмэлт нөхцөлийг тухайн улсын албан шаардлагаар шалгана. Дотоод аялалд иргэний үнэмлэх болон захиалгын мэдээллээ бэлдээрэй.
Утас тань eSIM дэмждэг болон операторын түгжээгүй эсэхийг шалгаарай. Зорчих улс, ашиглах хоног, дата багцын хамрах хүрээ болон идэвхжүүлэх нөхцөлөө нягтлаад нисэхээс өмнө суулгах заавартай танилцана. eSIM тохирохгүй бол биет SIM эсвэл роумингийн сонголтыг харьцуулж болно.
Аяллын даатгал нь бүх чиглэлд ижил байдлаар заавал шаардагддаггүй ч зарим улс, визний ангилалд шаардлагатай. Сонгосон гэрээнээс хамааран гэнэтийн өвчлөл, осол, яаралтай тээвэрлэлт, нислэг болон ачаа тээштэй холбоотой зарим эрсдэлийг хамарч болно. Хамгаалалтын лимит, өөрийн оролцоо, хасалтыг даатгалын гэрчилгээнээс шалгаарай. Дэлгэрэнгүйг энэ хуудасны “Аяллын даатгал” табаас үзнэ үү.
Амь нас, эрүүл мэндэд аюул тулгарвал тухайн улсын яаралтай тусламжид нэн даруй хандана. Боломжтой болмогц даатгалын гэрчилгээнд заасан шуурхай холбоогоор даатгагчид мэдэгдэж, төлбөр, эмчилгээний зохицуулалтын заавар авна. Аяллын хөтөч эсвэл BE TRAVEL-д мэдээлж, эмчийн дүгнэлт, жор, нэхэмжлэх, төлбөрийн баримтаа хадгалаарай.
Эдгээр үйлчилгээ нь аяллын төрөл, хөтөлбөр, сонгосон багц бүрд ялгаатай. Захиалахаасаа өмнө зочид буудлын нэр, өрөөний төрөл, хоол, шилжүүлэг, үзвэрийн тасалбар болон бусад багтсан/багтаагүй зүйлийг тухайн аяллын дэлгэрэнгүй хөтөлбөр, гэрээнээс нягтлаарай.
Ганцаараа аялах бол өрөөний байршуулалт, ганцаарчилсан нэмэлт төлбөр байгаа эсэх, уулзах цаг, хөтөчийн холбоо барих мэдээллийг урьдчилан шалгаарай. Хүүхэдтэй аялахдаа насны ангилал, ор, хоолны нөхцөл, бичиг баримт болон шаардлагатай зөвшөөрлийг нягтална. Паспорт, чухал баримтын хуулбарыг аюулгүй газарт тусад нь хадгалахыг зөвлөж байна.
Ямар үйлчилгээ тохирохоо мэдэхгүй байвал бидэнтэй холбогдоорой. Танд тохирох хувилбарыг хамт сонгоё.